Friday, November 28, 2014

Салхи

Би хүчтэй хүйтэн салхитай өвлийн шөнө хоёр  хөнжил давхарлаж нөмрөөд бас дээр нь мешокоо тавиж хучаад хамаг порчикоо онгорхой унтах дуртай.

Wednesday, November 12, 2014

Танил царай...


....Бүсгүй хүний танил царай, нүдэнд дулаахан инээмсэглэл нүдний өмнө харагдаад бараг тэр дороо олон дунд хутгалдан алга боллоо. Тэр танил царайг харцаараа хайсан боловч дахин олж харсангүй, би ч хажуулах хүнийхээ ярианд анхаарлаа хандуулаад анзаарахаа болилоо...
... Кеннедийн нисэх онгоцны буудалд ачаагаа өгчихөөд хүлээлгийн танхимд сууж байхдаа хүлээн авалтын үед харагдсан тэр бүсгүй санаанд минь тодорлоо. Би тэр бүсгүйг хэн байж болох вэ гэж бодсоор байсан боловч тэр гэж нэр өгч чадахгүй л байлаа. 





Удалгүй миний нислэгийн цаг болж онгоцонд суух цаг боллоо. Хүзүүвчээр дамжин аврага хөлөгт орон суудлаа эзлэхийн далимд 2 хувийн виски авчирж өгөхийг үйлчлэгчээс хүсэв. Нүүрэнд нь хэзээ ч уурлаж байгаагүй болов уу гэж бодогдмоор инээмсэглэл өлгийдүүлсэн хүүхэд төрхтэй үйлчлэгч бүсгүй миний хүсэлтийг нь дор нь биелүүлэв. Би онгоц газраас тасрах тэр торгон агшинд төрдөг мэдрэмжээ дарахын тулд заавал виски уудаг зуршилтай болоод удаж байгаа билээ. Энэ удаа ч гэсэн вискиний мод амтагдсан амтыг мэдрэхийг хүссэнгүй шууд уулаа.
Гүйлтийн замаар онгоц аажмаар хурдаа аван давхисаар эцэстээ чих шуугитал хурдалж газраас тасарлаа. Яг энэ мөчид НҮБ-ийн байран болсон хүлээн авалт дээр надад харагдаад алга болсон бүсгүйн нэр санаанд минь аянга мэт цахилан орж ирлээ.
...Намайг хүүхэд байхад манайх, миний бүх насаараа амьдарсан шинэ хороололд шинэ байран нүүн ирлээ. Удалгүй манай хөрш хаалганд хоёр охинтой айл орлоо. Тэдний хоёр охин надаас эгч, том нь бүр олон эгч харин бага охин нь 5-6 насны зөрүүтэй л байсан байх. Зүүн нүдэн доороо эрхий дарам хоёр мэнгэтэй, сурагчын дүрэмт хувцсаар гоёосон тэр эгчийг би Дөлгөөн эгч гэж дуудахаасаа илүү Төги гэж дууддаг байлаа.
Нэг удаа манай аав, ээж хоёр өглөө эрт ажилтай болоод үүдний хонгилд хэн нь намайг цэцэрлэгт хүргэж өгөх вэ гэдэг талаар багахан хэмжээний маргаан тэдний дунд өрнөлөө. Ээж:- Замд чинь цэцэрлэг байдаг юм чинь чи хүргээд өгчих. Аав:
- Хариуцлагатаны хуралд ганц удаа асуудал оруулах гээд бөөн ажилтай байна. Ер нь би л дандаа цэцэрлэгт хүргэж өгч, авдаг ш дээ. Миний хөгшин хүүгээ энэ удаа л хүргээд өгчих гэсэн яриа тэдний дунд болж байлаа. Гэтэл хөрш айлын хаалганы түгжээ торхийн нээгдэж, хоёр салаа гэзэгнийхээ нэгэнд нь тууз зүүсэн Төги:
- Би хүргээд өгөх үү? Одоо би сүүнд явлаа, эрт очихгүй бол дараалал нь их болчихдог гээд наснаасаа их өгүүллээ. Ээж:
- Чи аль цэцэрлэгт явдагийг нь мэдэх юм уу? Наад хүүхэд чинь орос цэцэрлэгт явдаг, бас дээр нь их эрх хүүхэд ш дээ гэвэл. Төги:
- Зүгээр ээ. Би өөрөөр нь заалгаад явчих нь гэв. Аав:
- За тэгвэл миний дүү манай хүүг хүргээд өгөөрэй, ах нь орой дүүдээ чихэр өгнө гээд тэр 2 яваад өглөө. Би Төги эгчийг хувцсаа өмсөөд хаалгаа түгжих хооронд халууцаж орхив. Тэгээд малгайгаа газар хаяад, ороолтоо тайлах гэж байтал Төги эгч:
- Хүүш чи чинь яасан со хүүхэд вэ? Гадаа гарах гэж байж малгайгаа газар хаяад болохгүй ш дээ гэснээ миний малгайг өмсүүлэв.
Бид хоёрыг гадаа гарахад намар оройн элч муутай өглөөний нар Богд уулын орой дээгүүр дөнгөж цухуйж байв. Орцноос гарах замдаа би өрөөсөн бээлийгээ хаяажээ. Энэ тухайгаа гадаа гарангуутаа мэдлээ. Төги:
- Ээ яасан баларсан жаал вэ? Алив наад гараа гээд халуу дүүгсэн гараараа миний гарын атгаад бид хамтдаа манай цэцэрлэг рүү гүйх, алхах хослуулан явлаа. Ямар ч гэсэн тэр өдөр бид хоёр цэцэрлэг хаалга барихын өмнөхөн амжиж очлоо. Харин орой нь аав намайг цэцэрлэгээс намайг авах гэж ирээд бээлийгээ гээснийг мэдээд:
- Яаж ч яарч байсан гээсэн юм аа авч бай гэж хэлж билээ. Биднийг гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэж байтал Төги хаалгаа нээснээ:
- Ах аа! Энэ танай хүүгийн бээлий, би уг нь гэртээ эргэж ирээд олж аваад буцаад цэцэрлэг дээр очоод өгөх гэсэн чинь манаач нь загнаад оруулаагүй. Тэгээд сая та 2 ирж явахыг цонхоороо хараад өгөх гэсэн юм гээд өөрөө бээлийгээ гээсэн юм шиг гэмшсэн царай гаргав. Аав:
- Өө баярлалаа миний дүү. Бид 2 бээлийгээ гээгээд гэртээ орвол ээждээ бангадуулах байлаа ш дээ. Май ах нь дүүгээ шагнаж байгаа юм гээд 5 ширхэг 30-ийн чихэр өглөө. Төги өвдөгөөрөө үл ялиг бөхийгөөд:
- Баярлалаа ах аа. Дараа хэрвээ цэцэрлэгт өгөх хэрэг гарвал надад хэлээрэй, манай хичээл үдээс хойш ордог болохоор өглөө би завтай байдаг гэснээ аавын өгсөн чихэрнээс нэгийг задлаад миний аманд хийгээд:
- Сайхан амраарай гэснээ гэртээ орлоо.

Намайг 5 дугаар ангид орох үед Төги эгч 10 ангид сурч байв. Тэр үед Төги эгчээс гэрийн даалгавар асуух гэж ирсэн юм гээд ах хүүхдүүд шатан дээр зогсдог болоод байлаа. Тэдний гар, хөл гэж өтсөн байснаас ялгаагүй энд тэндгүй ханан дээр “ Т+Г=ЯТОЛ” гэсэн бичгүүдийг эрээчиж орхидог байв.
Нэг өдөр манай давхарын ханан дээр Т+М=гэснээ сум шаасан зүрхний зургийг улаан тосон будгаар бичсэн байлаа. Намайг энэ бүхнийг харсаар шатаар өгсөж байхад Төги эгчийн том эгч нь:
- Би чам шиг байхдаа орцоор харчууд шавуулаад, ханаараа дүүрэн өөрийнхөө нэрийг сараачуулаад байгаагүй. Ичихэд яадаг юм бэ гээд хангинаж өгч байнаа. Төги эгч огт тоосон шинжгүй харин ч баяр болсон байдалтай хариуд нь:
- Аргагүй ш дээ чиний ааш адсага, бас царай муутай юм чинь гэж ажиггүй хэлчихээд нөгөө бичгүүдийг дуртай дургүй арилгахчаан болж байснаа намайг хараад нүдээ нэг ирмэснээ:
- Үнэн тээ гэв. Би дотроо үнэн гэдэгтэй нь эвлэрч байсан ч хөмсгөө зангидан зогсох том эгчээс нь айгаад юу ч дуугаралгүй хажуугаар нь гарлаа. Том эгч нь:
- Одоо үеийнхээ харчуудтай арзагнахгүй бүр нялх хүүхэдтэй маяглах чинь дутаа юу гэснээ алив хувингаа, халуун ус аваад ирье гэж хэлэх нь сонсогдлоо.
Эгч дүү хоёрын орцны хана угаах дуу удтал сонсогдсоор байгаад удалгүй нам гүм боллоо. Би тэднийг гэртээ ороод удаагүй байхад хаалгаа аяархан нээгээд давхарынхаа хонгилд гараад цэв цэвэрхэн болсон ханыг хэсэг харж зогслоо. Ханаар сараачсан бичгүүдийг арилгахаар Төги эгч дээр ирж уулздаг байсан ах нар дахиж хэзээ ч ирэхгүй юм шиг, орой болохоор орцонд тоглодог гитарын дууг би хэзээ ч сонсохгүй юм шиг санагдлаа. Намайг ийнхүү ганцаараа зогсож байтал Төги эгч миний дэргэд сэмээрхэн ирснээ:
- Би чамд нэг нууц юм үзүүлэх үү гэлээ. Би толгой дохитол тэр намайг нэг давхар дээшээ дагуулж гараад, шатны модон бариулын хажуу тал дээр хурц үзүүртэй хутгаар цэвэрхэн нь аргагүй зорж бичсэн “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэсэн бичгийг уншуулаад:
- Энийг зөвхөн хоёр л хүн мэддэг байсан, одоо чи мэддэг боллоо. Өөр хэн ч мэдэхгүй, манай ээж, аав ч мэдэхгүй, эгч бүр ч мэдэхгүй, би өөрөө мэддэгээсээ ч айдаг гэж хэлснээ миний толгойг илээд хүнд хэлвэл 2-лаа балрана шүү гэснээ шатаар доош уруудлаа.

Хавар. Богинохон мөртлөө ид шидтэй энэ үг урин дулааны элч болон ирж удалгүй зунтай залгалаа. Төгсөх ангийн сурагчид сүүлийн удаа сурагч хувцасаар гоёцгоон охид яг нялх монос мэт харагдана. Төги эгч аравдугаар ангиа төгслөө. Нэг удаа Төги эгчийн аав Энх гуай манайд орж ирээд аавтай уулзах зуураа:
-Миний бага охин 10 төгслөө. Одоо яаж ийж байгаад гадаадад сургуульд явуулаад төгсгөж орхивол болох нь тэр. Өөрийг чинь хариуцлагатай ажил хийдэг болохоор манай охины сургуульд нэр дээр нь нэг хуваарь олгуулж болох болов уу гэж бодогдлоо. Аав:
- Манайхан олон жил айл аймаг явсан улс энэ зэргийн юм бололгүй яахав дээ. Харин ямар сургуульд явах санаатай байгаа юм бол?
- Сүүлийн үед тооцоолон бодох электрон машин гэдэг юм их дуулдаад байх болж. Тэгээд хөгшин бид хоёр ярьж байгаад энэ талын сургууль бараадуулах санаатай, өөрөө ч бас иймэрхүү үг дуулгаад байх юм. Аав:
- Би маргааш МУИС-ын захиралтай нэг яриад үзье, тэднийх л энэ тал дээр ирээдүйд багшлах хүмүүс бэлдэх гээд байгаа гэснээр тэдний яриа өндөрллөө. Удалгүй улсын шалгалт дуусаж, хүүхдүүд хуваариа аваад конкурсдэж гарлаа. Төги эгч хичээл номноос толгой өөд татахгүй байгаа бололтой огт харагдахгүй байв. Манайх ч зусланд гарлаа.

Намар болж айлууд зуслангаас ороод гудамж талбай эргэн эзэд нь болох хүүхдүүдийн дуугаар хангинаж эхлэв. Яг энэ үед Төги эгчийг сургуульд гаргаж өгөх юм боллоо. Том эгчийнх нь нөхөр гэж санчигнаасаа бууралтаж яваа ч наснаасаа залуу харагдах бор ах хадмуудтайгаа байхаас илүү хүүхдүүд бидэнтэй үеийн юм шиг найзлан заримдаа бидний санамсаргүй хэлсэн үгэнд хүүхэд мэт хөөрөн баясахад нь бид ч гэсэн даган хөхрөлдөж байв. Галт тэрэгний буудал руу явах цаг болоход нь амжиж ирсэн манай ээж Төги эгчийг олноос салгаад 10 рубль, өндөр үнэтийн ууттай юм өгөөд сайн явахыг ерөөж байв. Энэ үед Төги эгчийн харц тэнд цугласан хүүхдүүдийн голд зогсох, намхан бор хүү рүү байн байн чиглэж байлаа. Төги эгч манай ээжээс холдоод над руу ирээд:
-Миний дүү сайн сураарай. Тэгээд сургуулиа төгсөөд эгч шигээ ингээд олон хүмүүсээр үдүүлээд гадаадад сураарай гэснээ миний чихэнд:
-Нөгөө нууцаа хүнд хэлж болноо. Яагаад гэвэл тэр нууцын эзэн бид хоёр нэг сургуульд сурах болсон. Тэгээд бид заавал гэрлэнэ, бас чам шиг хөөрхөн хүүтэй болно гэж шивнээд духан дээр минь үнслээ. Төги эгчийг гаргаж өгөх гэж хүмүүс орцоор уруудах үед би харин дээд давхартаа гараад шатны бариул дээрх “ БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэсэн үгийг хамгаалж байх сахиулсан тэнгэр боллоо гэж бодож билээ.

...Миний нисэж яваа онгоц бүхэл бүтэн Америк тивийн дээгүүр зогсолтгүй ниссээр Номхон Далайг гатлан Токиод ирж буулаа. Би зочид буудалд орж замын тоосноос салангуутаа утас авч өөрийнхөө хөтөч рүү залгалаа. Удалгүй миний хөтчийн баргил дуу сонсогдов. Би хүлээн авалтанд ирсэн зочдын нэрсийн жагсаалтанд Дөлгөөн гэдэг хүний нэр байгаа эсэх хэрэв байгаа бол хаана юу хийдэг болохыг нь тодруулж өгөхийг гуйлаа. Гэтэл утасны нөгөө үзүүрт миний хөтөчийн:
-Yes, I see the Dolgoon in the name list.She is the Managing Director of.... If you want to I can deliver you the contact address гэх сонсогдлоо.

Жич: Би үүнийг бичээгүй болно.... ориг-с нь зарим хэсгийг хасч нэрийг нь өөрчлөн оруулав 
( Some One In My Head, but It Is Not Me...)

Tuesday, November 4, 2014

Өвгөн партизаны яриа ( Зөвхөн эрчүүд уншихыг зөвлөе !!! )

      Өвгөн партизан би залуус та нарыг харахаар л юм хэлэхгүй бол болохгүй санагдаад байх юм аа. Та нарт л гэж хэлэхэд одоо ингэж сайхан сэтгэлээр үг хэлэх хүн олдохгүй шүү гэдгийг дээрээс нь хэлчихье.  
       Эрчүүд бидний амьдралыг анхааралтайхан шиг харах юм бол эмэгтэйчүүдтэй явуулж буй мөнхийн дайн гэж болно. Тийм учраас та нар хэн нэгэн эмэгтэйн зүрх сэтгэлийг байлдан дагуулахыг хүсэж байгаа бол наашаа суугаад анхааралтай уншаарай !