Tuesday, September 9, 2014

Миний мэдээгүй хамгийн агуу хүн !

Ойрдоо, ойрдоо ч гэж дээ сүүлийн хэдэн сар олигтой пост хийгээгүйн байна, тиймээс өнөөдөр жоохон уртавтар юм бичнээ. За яг юунаас эхлэх вэ? Ерөнхийдөө сүүлийн хагас жилийн хугацаанд их зүйл болоод  өнгөрлөө. Монголд очсон, очоод удаагүй байтал гэнэт бие минь өвдөж эмнэлэгт нилээд хугацааг өнгөрүүлсэн, цусны даралт маань 220 хүрч нтр алингаа алдсаншд.

Би чинь уул нь залуу хүн шүүдээ, даралт гэж бас л чанга эд байна лээ. Сэтгэлээр унах стресс-т орох, ядаргаа гэх мэт зүйлийг тэгэхэд л яс махандаа шингэтэл ойлголоо шд, ялангуяа хүн сэтгэлээрээ амар амгалан байх шиг жаргал байдаггүйн юм байна гэдгийг үнэхээр их ойлгосон. Бие минь өвдөөд эмнэлэгт хэвтэж байхдаа муу аавыгаа ямар их зовоож, бухимдуулж явсанаа бодохоор үнэхээр өрөмдөж байлаа. Хэзээ хаана яаж баярлуулж явсанаа бодохоор үнэхээр тоотой санагддын байна лээ. Анх 10-н жилээ төгсөөд их сургуульд толгойгоороо конкурсанд тэнцчихээд аавдаа хэлэхэд надруу хараад бахдалтай бядтай нь аргагүй инээж байсансан, их сургуулиа төгсөөд ажилд ороод анхны томилолтоо аваад хөдөө явж байхад минь бахдалтайгаар бас нэг инээж байсансан, анх гадагшаа илтгэл тавихаар томилолтоор явж байхад болоошдээ миний хүү гэсэн шиг надруугаан хараад нүдээрээ инээмсэглэж байсансан, тэтгэлэг аваад гадаадад сурахаар мордоход минь одоо л миний хүү алзахгүй дээ гэсэн шиг бахдалтай нь аргагүй муу хүүрүүгээ хараад нүдэндээ нулимс мэлтэлзүүлэсхийн инээмсэглэж зогссонсон. Эдгээрээс өөрөөр аавынхаа тэр зөвхөн надаар бахархсан бядтай инээдийг олон харснаа санахгүй юмдаа.

Аавдаа хамгийн гол нь үр ачийг нь  үзүүлж амжсангүй дээ л гэж өөртөө жоохон тиймхэн санагдах юм. Яг ингээд бодохтой зэрэгцээд, бүтсэн бүтээгүй хайр дурлал, гомдоож гомдож, орооцолдож явсан охидуудийнхаа тухай бодоод эхэлдэг юм байна лээ. Тэгэхэд тэрэнтэй суучихсан бол ч гэдэг юмуу, тэгсэн бол өдийд аавдаа үр ачийг үзүүлчихсэн байх байсан гэсэн сонин сонин бодлууд орж ирээд амар заяа үзүүлдэггүйн байна лээ.

Сая би Монголд очоод, ер нь миний найз нар гэж ямар хүмүүс вэ? гэдгийг бага сага ойлгох шиг болсон, урьд цагт аав минь хэлдэг байж билээ - миний хүү чи хүн таньж сурах болоогүй ээ гэж. Тиймээ би үнэхээр хүн таних болоогүйн байна лээ. Чиний энэ л намайг зовох цагт туслана даа гэж бодсон найз чинь эцсийн мөчид нүүр буруулах магадлал маш өндөр байдгын байна лээ, аа эсрэгээрээ энэ л туслахгүй байх гэсэн таарч тохирдоггүй зөрчилддөг байсан найзаас чинь харин хамгийн дулаахан үг, чин сэтгэлийн тусламж зөвөлгөө ирэх жишээний.

Яг ингээд амьдрал хар толгойн дээр буугаад ирэхээр, хүн их юм боддог юм шиг байгаан, би ч ялгаагүй ээ зөндөө юм бодсон. Одоо миний амьдрал яг зөвхөн өөрийн минь нуруун дээр л ирж байх шиг байна. Урьд нь надад эргэлзэх зүйл гарахад хэлээд, заагаад, загнаад болохгүй бол цохиод авдаг хүн байсан, яах арагагүй л эцэг хүн гэдэг амьдралын түшиг тулгуур байдаг юм байна даа л гэж бодож сууна.

Starting from zero... гэж блогынхоо толгойг хийсэн шиг яг амьдрал минь тэгээс эхэлж байгаа ч юм шиг. Ингээд бодоход би 29-н нас хүртлээ ямарч логик, үр бүтээлгүй амьдарч ирсэн ч юм шиг, хураасан эд хөрөнгө гэж лав алга, гэр бүл ч зохиож амжаагүй байдаг, сургууль төгссөн гэсэн хэдэн диплом, ажлын газруудын хэдэн тодорхойлолт. Гэхдээ одоо би байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хүсч байна, амьдрал энэнээс дор ч байж болох л байсан. Юунд ч харамсмааргүй байна бас өнгөрсөнрүүгээ ч эргэж хармааргүй байна, зөвхөн хийх ёстойгоо хийгээд урагшаагаа л. Зүгээр л байгаа бүхэндээ сэтгэл хангалуун, салхи сөрөөд алхаад явж байх шиг сайхан зүил хаана байна !


   "...зүүдэнд минь та тэртээ хорин хэдэн жилийн өмнөх шигээ цэл залуухан тэр дүр төрхөөрөө ирээд явахад хүү нь өнөөдрөөс эхлээд бүх зуйлийг өөрөөр эхэлж шинээр амьдрах ёстойгоо ойлгосоон. Тиймээ амьдрал яг одоо эхэлж байна !"

 Та миний мэдээгүй хамгийн агуу хүн байсан юм шүү.







4 comments:

  1. сайхан бичлэг байна. Урам авлаа. Баярлалаа :)

    ReplyDelete
    Replies
    1. Баярллаа. Таны блогоор орж сонирхлоо, хүнд хэрэгтэй их зүйл бичдэг сайхан блог байна. Ялангуяа зүрхний талаар бичсэн постуудыг бүгдийг уншлаа, дараа и-мэйл-р зөвлөгөө авнаа. Таны блог дээр коммет үлдээж болдоггүй юм шиг байна, тиймээс энд биччихлээ. Аа тийн бас хөлнийхөө булчинг сайн хөгжүүлнээ :)

      Delete
  2. Kkk yag l minii problemuud naatsan. ,,, yu ch hiisen ym bhgui adaglasd hani ijil ur huuhedgui bdg ,,,, taarchdee bid hoyor

    ReplyDelete
    Replies
    1. Зүгээр байжий нэг өдөр л тааралдана

      Delete

Сэтгэгдэл үлдээх!